Езекиел 44:7-13 АБ2004

7 Ингэхдээ зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй харь хүмүүсийг Миний ариун газрыг бузарлуулахаар тэнд байлгаж, түүгээр ч барахгүй Миний хүнс болох өөх, цусыг өргөх үедээ Миний өргөөг бузарлахаар та нар тэнд оруулсан. Учир нь та нарын хамаг жигшүүр дээр нэмж тэд Миний гэрээг хүчингүй болгосон.

8 Та нар Миний ариун зүйлсийн үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг та нар тавив».

9 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй ямар ч харь хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх харь хүнээс нэг нь ч Миний ариун газарт орж болохгүй.

10 Харин Израилийг төөрч явахад Надаас холдсон бөгөөд өөрсдийн шүтээнүүдийн араас дагаж Надаас төөрсөн левичүүд нь өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэлийг үүрэх ёстой.

11 Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул хийж, өргөөнд үйлчлэн Миний ариун газарт үйлчлэгчид байх ёстой. Тэд ард түмний төлөө шатаалт тахил ба тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсох болно.

12 Тэд өөрсдийн шүтээнүүдийн өмнө ард түмэнд үйлчилж, Израилийн гэрт гэм буруугийн бүдрүүлэх чулуу болсон учраас, тиймийн тул тэд өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэл үүрэх ёстой хэмээн Би тэдний эсрэг тангарагласан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

13 «Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд Надад ойртох ёсгүй, Миний ариун юмсын алинд ч, хамгийн ариун юмсад ч ойртож болохгүй. Харин тэд өөрсдийн ичгүүр болон өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсийг үүрэх ёстой.