Езекиел 44:9-15 АБ2004

9 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй ямар ч харь хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх харь хүнээс нэг нь ч Миний ариун газарт орж болохгүй.

10 Харин Израилийг төөрч явахад Надаас холдсон бөгөөд өөрсдийн шүтээнүүдийн араас дагаж Надаас төөрсөн левичүүд нь өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэлийг үүрэх ёстой.

11 Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул хийж, өргөөнд үйлчлэн Миний ариун газарт үйлчлэгчид байх ёстой. Тэд ард түмний төлөө шатаалт тахил ба тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсох болно.

12 Тэд өөрсдийн шүтээнүүдийн өмнө ард түмэнд үйлчилж, Израилийн гэрт гэм буруугийн бүдрүүлэх чулуу болсон учраас, тиймийн тул тэд өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэл үүрэх ёстой хэмээн Би тэдний эсрэг тангарагласан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

13 «Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд Надад ойртох ёсгүй, Миний ариун юмсын алинд ч, хамгийн ариун юмсад ч ойртож болохгүй. Харин тэд өөрсдийн ичгүүр болон өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсийг үүрэх ёстой.

14 Гэсэн ч өргөөний үүрэг болох түүний бүх үйлчлэл ба тэнд хийгдэх ёстой бүхнийг хийлгэхээр Би тэднийг томилох болно.

15 Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явсан үед, Миний ариун газрын үүргийг сахисан, Задокийн хөвгүүд болох Левийн тахилч нар нь Надад үйлчлэхээр Надад ойртох болно. Тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.