Езекиел 47:10-16 АБ2004

10 Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байх болно. Тэдгээрийн загас нь төрөл зүйлсээрээ Их Тэнгисийн загас адил үлэмж их болно.

11 Гэвч түүний намгууд ба балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно.

12 Голын хажуугаар эрэг дээр, нэг талд ба нөгөө талд нь хоол хүнсэнд зориулах бүх төрлийн модод ургах болно. Тэдний навчнууд хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргах болно. Учир нь тэдгээрийн ус нь ариун газраас урсан гарч байгаа бөгөөд тэдгээрийн жимс нь хүнс болж, тэдгээрийн навч нь эдгэрэлтийн төлөө байх болно гэв.

13 Эзэн БУРХАН ийнхүү айлдав.—Та нар Израилийн арван хоёр овгуудын дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.

14 Та нар үүнийг өв болгон нэг бүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг та нарын өвөг дээдэст өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.

15 Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их Тэнгисээс Хетлоны замаар Зедадын хоолой хүртэл,

16 Дамаскийн хил болон Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим болон Хаурагийн хилийн дагуу байх Хазер-хаттикон юм.