13 Эзэн БУРХАН ийнхүү айлдав.—Та нар Израилийн арван хоёр овгуудын дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.
14 Та нар үүнийг өв болгон нэг бүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг та нарын өвөг дээдэст өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.
15 Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их Тэнгисээс Хетлоны замаар Зедадын хоолой хүртэл,
16 Дамаскийн хил болон Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим болон Хаурагийн хилийн дагуу байх Хазер-хаттикон юм.
17 Хил нь далайгаас Дамаскийн хил дэх Хазар-енанд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ бол хойд тал билээ.
18 Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын далайг хүртэл та нар хэмжих ёстой. Энэ бол зүүн тал юм.
19 Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн, Египетийн горхи болон Их Тэнгист хүрэх ёстой. Энэ бол урагшаа өмнөд тал юм.