Езекиел 8:12-18 АБ2004

12 Тэгээд Тэр надад—Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.

13 Тэр надад—Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

14 Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүд уруу авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв.

15 Тэр надад—Хүний хүү, чи харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

16 Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хашаан дотор авчрав. Харагтун, үүдний танхим болон тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүм уруу, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүгт наранд мөргөж байв.

17 Тэр надад—Хүний хүү, чи үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхэн энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин давтан уцаарлуулснаараа тэдний энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь тэдний хувьд хэтэрхий хөнгөн байна гэж үү? Харагтун, тэд өөрсдийн хамарт мөчир хатгаж байна.

18 Тийм учраас Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд Миний чихэнд чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэсэн.