Малахи 3:5-11 АБ2004

5 Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

6 “Учир нь ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тийм учраас Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.

7 Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэн, тэднийг сахиагүй. Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж буцан ирэх вэ?» гэж хэлдэг.

8 Хүн Бурханыг луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр.

9 Танай үндэстэн бүхэлдээ Намайг луйвардаж байгаа тул та нар хараалаар хараагдсан!

10 Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

11 “Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.