Малахи 4 АБ2004

1 “Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

2 “Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.

3 Та нар хилэнцэтнийг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

4 “Миний зарц Мосегийн хуулийг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.

5 Харагтун, ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.

6 Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино».

Бүлэг

1 2 3 4