33 Энэ нь ил тавих талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд зориулан, мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм.
34 Түүнчлэн тахилч нар, левичүүд болон хүмүүсийн дунд бид түлээний хангамжийн төлөө шавга хаяж шодов. Энэ нь бидний эцгүүдийн бүлүүдийн дагуу Бурханыхаа өргөө уруу түүнийг аваачиж, хуульд бичигдсэнчлэн жил бүр тогтоосон цагт бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаахын тулд
35 бөгөөд тэд жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимснүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрахын тулд юм.
36 Мөн хуульд бичигдсэнчлэн бидний Бурханы өргөөнд үйлчилж буй тахилч нарт зориулан, хуульд бичигдсэнчлэн хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөө уруу аваачихын тулд юм.
37 Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилч нарт хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бол бүх тосгодоос аравны нэгийг авах хүмүүс юм.
38 Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөө уруу, агуулахын өрөөнүүд уруу аваачих ёстой.
39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэдгээр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл болон үйлчилж буй тахилч нар, хаалгачид, дуучид буй. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй.”