Нехемиа 13 АБ2004

1 Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон хүн, эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов.

2 Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устайгаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэднийг хараалгахаар хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.

3 Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.

4 Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб, Тобиагийн садан учир

5 урд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилч нарт өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ.

6 Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксын гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би хаанаас явах зөвшөөрөл гуйв.

7 Тэгээд би Иерусалимд ирж, Елиашиб Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгснөөр түүний төлөө үйлдсэн муу үйлийн тухай сонсов.

8 Энэ нь надад тун ч таагүй байсан учраас би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв.

9 Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.

10 Мөн левичүүдийн хувь нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.

11 Тэгээд би түшмэдийг зэмлэн—Бурханы өргөө яагаад орхигдов? гэв. Би тэднийг хамтад нь цуглуулж, өөрсдийнх нь албанд буцаан тавив.

12 Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав.

13 Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг, мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн хүү, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд найдвартай хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь өөрсдийн ах дүү нарт хуваарилах явдал байв.

14 Бурхан минь, үүний төлөө намайг санаач. Миний Бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгэсэн миний үнэнч үйлсийг бүү арилгаарай!

15 Тэр өдрүүдэд Иудад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариаг авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг амралтын өдрөөр Иерусалимд авчирч хүнс зарж байсныг би үзэв. Тэр өдөр би тэдэнд анхааруулан сануулав.

16 Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас болон бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Иерусалимд ч хүртэл амралтын өдрөөр зарж байв.

17 Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд хандан—Та нар юунд амралтын өдрийг бузарлан, ямар муу үйлийг хийнэ вэ?

18 Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар амралтын өдрийг бузарласнаар Израиль дээрх уур хилэнг нэмэгдүүлж байна гэв.

19 Тэгээд амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын дааман хаалгуудыг хааж, амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг дааман хаалгууд дээр байрлуулав.

20 Нэг, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв.

21 Тэгэхэд би тэдэнд анхааруулж—Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд амралтын өдөр ирсэнгүй.

22 Мөн левичүүдэд, өөрсдийгөө ариусган, амралтын өдрийг ариусгахын тулд хаалгачид мэт ирцгээхийг би тушаав. Үүний төлөө мөн намайг санаач! Бурхан минь, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар намайг өрөвдөөч!

23 Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв.

24 Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв.

25 Тиймээс би тэдэнтэй тэмцэж, тэднийг хараан, тэдний заримыг нь цохиж, үсийг нь зулгаан, тэднийг Бурханаар тангараглуулан—Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч өөрийн хөвгүүдэд, эсвэл өөрсдөдөө авах ёсгүй.

26 Израилийн хаан Соломон эдгээр зүйлсээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.

27 Тэгэхэд та нар харь эмэгтэйчүүдтэй гэрлэн, бидний Бурханы эсрэг үнэнч бусаар хандан, энэ бүх үлэмжийн мууг хийсэн хэмээн бид та нарын тухай сонсоно гэж үү? гэв.

28 Иоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү ч хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав.

29 Бурхан минь, тэднийг санаач. Учир нь тэд тахилчлалыг ба тахилчлалын, левичүүдийн гэрээг бузарлав.

30 Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилч нар ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд нь томилов.

31 Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, сайны төлөө намайг санаач!

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13