Нехемиа 13:24-30 АБ2004

24 Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв.

25 Тиймээс би тэдэнтэй тэмцэж, тэднийг хараан, тэдний заримыг нь цохиж, үсийг нь зулгаан, тэднийг Бурханаар тангараглуулан—Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч өөрийн хөвгүүдэд, эсвэл өөрсдөдөө авах ёсгүй.

26 Израилийн хаан Соломон эдгээр зүйлсээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.

27 Тэгэхэд та нар харь эмэгтэйчүүдтэй гэрлэн, бидний Бурханы эсрэг үнэнч бусаар хандан, энэ бүх үлэмжийн мууг хийсэн хэмээн бид та нарын тухай сонсоно гэж үү? гэв.

28 Иоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү ч хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав.

29 Бурхан минь, тэднийг санаач. Учир нь тэд тахилчлалыг ба тахилчлалын, левичүүдийн гэрээг бузарлав.

30 Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилч нар ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд нь томилов.