2 Коринт 12 АБ2004

1 Хэдий ашиггүй боловч сайрхах нь зайлшгүй. Гэвч би Эзэний үзэгдэл болон илчлэлтүүдийн тухай хэлэх гэсэн юм.

2 Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу, эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ.

3 Би тийм хүнийг — бие дотроо юу, эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ —

4 Диваажинд аваачигдсаныг болон үгээр хэлшгүй, мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссоныг мэднэ.

5 Би тэр хүний төлөө сайрхах болно. Харин би өөрийнхөө төлөө бол мөхөс байдлаасаа өөрөөр сайрхахгүй.

6 Хэрэв би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь намайг надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм.

7 Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ.

8 Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм.

9 Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ.

10 Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг.

11 Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг албадсан шүү дээ. Үнэндээ би та нараар магтуулах ёстой байсан юм. Хэдийгээр би юу ч биш боловч хамгийн эрхэм элч нараас юугаараа ч дутахгүй.

12 Элчийн шинж тэмдгүүд нь тэмдэг, гайхамшиг хийгээд хүчит үйлсээр дамжуулан та нарын дунд бүхий л тэвчээртэйгээр биелэгдсэн юм.

13 Би та нарт дарамт болоогүйгээс өөр юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу вэ? Та нар энэ бурууг минь уучлаарай.

14 Одоо би гурав дахь удаагаа та нар уруу очиход бэлэн боллоо. Би та нарын юмсыг бус, харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой.

15 Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүүгээр хайрлавал өөрөө багаар хайрлагдах уу?

16 Тийм болог. Би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг.

17 Миний та нар уруу илгээсэн тэдгээр хүмүүсийн хэнээр нь дамжуулан би та нарыг завшсан бэ?

18 Би Титийг гуйж, түүнийг нэгэн дүүгийн хамт илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр, нэг мөрөөр яваагүй гэж үү?

19 Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийн бодож байгаа. Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байна. Хайрт хүмүүс ээ, энэ бүгд нь та нарыг байгуулахын тулд юм.

20 Би та нар уруу очих үед та нарыг хүссэнээрээ хараагүй, та нар намайг хүссэнээрээ хараагүй байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай.

21 Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутаах вий, мөн урьд нь нүгэл үйлдэн өөрсдийн үйлдсэн ариун бус, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн олон хүнээс болж би гашуудах вий гэдгээс айж байна.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13