2 Коринт 12:11-17 АБ2004

11 Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг албадсан шүү дээ. Үнэндээ би та нараар магтуулах ёстой байсан юм. Хэдийгээр би юу ч биш боловч хамгийн эрхэм элч нараас юугаараа ч дутахгүй.

12 Элчийн шинж тэмдгүүд нь тэмдэг, гайхамшиг хийгээд хүчит үйлсээр дамжуулан та нарын дунд бүхий л тэвчээртэйгээр биелэгдсэн юм.

13 Би та нарт дарамт болоогүйгээс өөр юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу вэ? Та нар энэ бурууг минь уучлаарай.

14 Одоо би гурав дахь удаагаа та нар уруу очиход бэлэн боллоо. Би та нарын юмсыг бус, харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой.

15 Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүүгээр хайрлавал өөрөө багаар хайрлагдах уу?

16 Тийм болог. Би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг.

17 Миний та нар уруу илгээсэн тэдгээр хүмүүсийн хэнээр нь дамжуулан би та нарыг завшсан бэ?