1 Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.
2 Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус,
3 үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид,
4 тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно.
5 Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв.
6 Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна.
7 Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.
8 Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэдгээр хүмүүс үнэнийг эсэргүүцдэг. Тэд ялзарсан санаа бодолтой, итгэлийн хувьд гологдсон хүмүүс юм.
9 Гэвч тэд илүү амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.
10 Харин чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр,
11 хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм.
12 Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.
13 Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно.
14 Харин чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай.
15 Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон.
16 Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай.
17 Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.