Иохан 16:18-24 АБ2004

18 Тэгээд тэд—“Тун удахгүй” [гэсэн нь] юу юм бол? Түүний юу яриад байгааг бид мэдэхгүй юм гэлээ.

19 Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд—“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна” гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу?

20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр баясгалангаар солигдох болно.

21 Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.

22 Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй.

23 Тэр өдөр та нар Надаас юуны ч тухай асуухгүй. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө.

24 Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.