1 Үүний дараа Есүс Галил (буюу Тибер) нуурын нөгөө тал уруу явав.
2 Үй олон хүн Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтэй хүмүүст үйлдсэн Түүний тэмдгийг харсан ажээ.
3 Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув.
4 Иудейчүүдийн баяр болох Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа.
5 Есүс харцаа дээшлүүлэн, Өөр уруу нь үй олон хүн ирж буйг хараад, Филипт—Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ.
6 Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Учир нь Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа.
7 Филип Түүнд—Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв.
8 Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей Есүст хандан—
9 Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ? гэсэнд
10 Есүс—Хүмүүсийг суулга гэв. Тэр газар нь их зүлэгтэй газар бөгөөд таван мянга орчим эрчүүд сууцгаасан байв.
11 Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, сууцгаасан хүмүүст тарааж өгөв. Мөн загасыг ч тэдний хүссэнээр өгчээ.
12 Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа—Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул гэв.
13 Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдэгдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
14 Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд—Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.
15 Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа.
16 Орой болоход шавь нар нь нуурын зүг буугаад,
17 завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийн харанхуй болсон авч Есүс тэдэн уруу ирээгүй л байлаа.
18 Хүчтэй салхинаас болж нуур давалгаалж эхлэв.
19 Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан, завь уруу нь дөхөхийг хараад тэд айцгаалаа.
20 Гэвч Есүс тэдэнд—Би байна. Бүү ай! гэж айлдав.
21 Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүсжээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байлаа.
22 Тэнд ганц завинаас өөр завь байхгүй байсныг, Есүс шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг нуурын нөгөө талд зогссон хурсан олон дараа өдөр нь харжээ.
23 Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс иржээ.
24 Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд иржээ.
25 Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнээс—Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэж асуув.
26 Есүс тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна.
27 Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ.
28 Тэгтэл тэд Түүнээс—Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд
29 Есүс тэдэнд—Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав.
30 Тэд Түүнд—Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлддэг вэ? Та одоо ямар ажил хийж байна?
31 “Тэр тэнгэрээс тэдэнд идэх талх өгөв” гэж бичигдсэнчлэн бидний өвөг дээдэс цөлд манна идсэн гэцгээхэд
32 Есүс тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн.
33 Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ.
34 Тэгтэл тэд—Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв.
35 Есүс тэдэнд—Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй.
36 Харин “Та нар Намайг үзсэн боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн.
37 Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй.
38 Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм.
39 Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн.
40 Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа.
41 Тэгтэл Есүсийн—Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна гэж айлдсанаас болж, Түүний тухай иудейчүүд дургүйцэн шивнэлдэж байлаа.
42 Тэд—Энэ чинь Иосефын хүү Есүс биш билүү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохлоор “Би бол тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв.
43 Есүс тэдэнд—Та нар дотроо бүү дургүйцэн шивнэлд.
44 Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна.
45 “Тэд бүгд Бурханаар сургагдах болно” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг.
46 Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм.
47 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай.
48 Би бол амийн талх байна.
49 Та нарын өвөг дээдэс цөлд манна идсэн бөгөөд тэд нас барцгаасан.
50 Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй.
51 Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа.
52 Тэгтэл иудейчүүд хоорондоо—Энэ хүн Өөрийнхөө махан биеийг бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдаж эхлэв.
53 Есүс тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй.
54 Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.
55 Учир нь Миний мах бол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мөн.
56 Миний махыг идэж, цусыг уусан хүн Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна.
57 Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хүн мөн Надаар амьдарна.
58 Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Гэхдээ та нарын өвөг дээдэс идсэн, нас барсантай нь адилгүй, энэ талхыг идсэн хүн мөнхөд амьдарна гэлээ.
59 Есүс Капернаумын синагогт заахдаа энэ бүхнийг айлджээ.
60 Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь—Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв.
61 Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа дургүйцэн шивнэлдэхийг мэдээд, тэдэнд—Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү?
62 Хэрэв та нар Хүний Хүү өмнө нь байсан газар уруугаа дээш гарахыг харвал яах вэ?
63 Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.
64 Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм.
65 Есүс—Тиймээс Би та нарт “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” гэж хэлсэн хэмээн айлдлаа.
66 Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй.
67 Тэгээд Есүс арван хоёртоо—Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд,
68 Симон Петр Түүнд—Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.
69 Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн гэсэнд
70 Есүс тэдэнд—Би Өөрөө та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ.
71 Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Учир нь тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.