Лук 14 АБ2004

1 Амралтын өдөр Есүс фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор иржээ. Тэд Түүнийг нягтлан ажиглаж байв.

2 Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа.

3 Есүс хуульч нар болон фарисайчуудаас—Амралтын өдөр эдгээх нь хууль бус уу, үгүй юу? гэж асуужээ.

4 Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав.

5 Тэгээд Тэр тэдэнд—Хүү нь, эсвэл үхэр нь худагт ойчвол, тэр даруйд нь Амралтын өдөр татан гаргахгүй хүн та нарын дотор байна уу? гэхэд

6 тэд үүнд хариулж ч чадсангүй.

7 Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—

8 Хэрэв та нарыг хэн нэг нь хуримын найрт уривал, хойморт нь бүү залар. Учир нь чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байгаад,

9 та хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичин, доош суух болно.

10 Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно.

11 Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.

12 Тэр Өөрийг нь урьсан хүнд хандан—Үдийн, эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд, эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Учир нь тэд хариуд нь таныг урьж, хариу барина.

13 Харин та найр хийхдээ ядуу, эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь.

14 Тэд танд хариу барьж чадахгүй тул та ерөөгдөх болно. Учир нь гэвэл зөвт хүмүүсийн амилалт дээр хариуг тань төлөх болно гэв.

15 Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд—Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд

16 Тэр түүнд—Нэгэн хүн оройн их зоог бэлдэж, олон хүн урьжээ.

17 Тэгээд оройн зоог барих цаг болоход уригдсан хүмүүс уруу боолоо илгээн “Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү” гэж хэлүүлжээ.

18 Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхний хүн “Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай” гэжээ.

19 Нөгөө нэг нь “Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя” гэхэд

20 нөгөө нэг нь “Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй” гэжээ.

21 Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо “Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!” гэв.

22 Боол нь “Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна” гэхэд

23 эзэн нь боолдоо “Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.

24 Учир нь би чамд хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний оройн зоогноос амсахгүй” гэжээ гэв.

25 Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд хандан—

26 Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй.

27 Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй.

28 Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?

29 Тэгэхгүй бол, түүнийг сууриа тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж,

30 “Энэ хүн барьж эхэлсэн ч, дуусгаж чадсангүй” гэх болно.

31 Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ?

32 Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь тэр энхийн хэлэлцээр гуйн элчээ илгээнэ.

33 Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй.

34 Давс бол сайн юм. Харин давс нь амтгүй болбол юугаар давслаг болгох билээ?

35 Ийм давс хөрсөнд ч, бордоонд ч ашиглагдахгүй тул үүнийг хөсөр хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлджээ.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24