Лук 4:36-42 АБ2004

36 Тэд бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо—Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав гэж ярилцаж эхлэв.

37 Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.

38 Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход түүний хадам эх маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв.

39 Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зэмлэхэд халуун нь буужээ. Тэр даруй хадам эх нь босож, тэднийг зочлов.

40 Нар жаргах үеэр элдвийн өвчтэй хүмүүсийг Есүс уруу авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин, тэднийг эдгээж байлаа.

41 Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч,—Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.

42 Үүр цайх үеэр Есүс явж, эзгүй газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн уруу ирж, Есүсийг өөрсдөөсөө явуулахгүй байхыг хичээцгээж байлаа.