Лук 8:28-34 АБ2004

28 Мөнөөх хүн Есүсийг хараад хашхиран, өмнө нь унаж чанга дуугаар—Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.

29 Учир нь Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтан дор байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байлаа.

30 Есүс түүнээс—Нэр чинь хэн бэ? гэж асуухад тэр—Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ.

31 Чөтгөрүүд өөрсдийг нь ёроолгүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа.

32 Тэнд ууланд гахайн олон сүрэг идээшилж байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайнд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв.

33 Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нуурт унан живцгээжээ.

34 Юу болсныг гахайчид хараад гүйн одож, үүний тухай хот хөдөөгүй зар түгээв.