Лук 9:7-13 АБ2004

7 Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхэгсдээс амилсан гэж,

8 зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь эртний эш үзүүлэгчдээс нэг нь амилсан гэж ярьж байжээ.

9 Херод—Би өөрөө Иоханыг цаазлуулсан. Тэгвэл өөрийнх нь талаар надад иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хүн хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа.

10 Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан хэдүүлхнээ Бетсайд хэмээх хотыг зүглэн явлаа.

11 Гэвч олон түмэн үүнийг нь мэдээд, Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв.

12 Өдөр хэвийх үед арван хоёр нь Түүн уруу ирж,—Хурсан олныг энэ хавийн суурингууд уруу явуулъя. Тэд тэнд очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд эзгүй зэлүүд газар байна шүү дээ гэв.

13 Харин Тэр тэдэнд—Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд—Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ.