1 Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж Түүнийг тослохын тулд анхилуун үнэртэн авлаа.
2 Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандсан үед тэд булш уруу хүрч ирэв.
3 Тэд өөр хоорондоо—Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? хэмээн ярилцаж байв.
4 Дээшээ харахдаа тэр бул чулуу нь хичнээн асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ.
5 Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа.
6 Тэр тэдэнд—Бүү гайх. Та нар цовдлогдсон Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна.
7 Харин явж, Түүний шавь нар болон Петрт “Есүс та нараас өмнө Галил уруу явна. Яг л айлдсаных нь дагуу та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэлээрэй гэлээ.
8 Тэгээд тэд булшнаас гаран гүйв. Учир нь тэд чичирч, бүр гайхаж гүйцсэн байлаа. Тэд айснаасаа болж хэнд ч юу ч хэлсэнгүй.
9 [Долоо хоногийн эхний өдөр Тэр эрт амилаад, эхлээд Магдалын Мариад үзэгджээ. (Есүс Мариад шүглэсэн долоон чөтгөрийг зайлуулсан юм).
10 Тэр эмэгтэй явж, Есүстэй урьд нь хамт байсан хүмүүсийг гашуудан уйлж байхад нь тэдэнд мэдэгдэв.
11 Тэд Есүсийн амьд гэдгийг, мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэхээс татгалзав.
12 Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд үзүүлэв.
13 Тэд явж, үүнийг бусаддаа мэдэгджээ. Гэвч тэд тэр хоёрт бас итгэсэнгүй.
14 Дараа нь, арван нэгэн шавь нар нь тухлан сууж байхад нь Есүс тэдэнд үзэгдлээ. Тэрээр тэдний итгэлгүйг, хатуу зүрхтэйг зэмлэв. Учир нь Түүнийг амилсных нь дараа харсан хүмүүст тэд итгээгүй юм.
15 Есүс тэдэнд—Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.
16 Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно.
17 Итгэгчдэд энэ тэмдгүүд дагалдана. Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярина.
18 Тэд могойг барина. Тэд үхүүлэх ямар ч юм уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтэй хүн дээр тэд гараа тавивал эдгэнэ гэж айлдлаа.
19 Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав.
20 Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн тэдэнтэй хамт ажиллаж, үгийг дагалдах тэмдгүүдээр баталж өгчээ. Амен.]