Марk 8:32-38 АБ2004

32 Есүс үүнийг ил шулуухан айлдсанд, Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв.

33 Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг зэмлэн—Сатан, Миний араас тонил. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэв.

34 Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан—Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг.

35 Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.

36 Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?

37 Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?

38 Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно гэж айлдав.