Матай 12:24-30 АБ2004

24 Харин фарисайчууд үүнийг сонсоод,—Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлсэнд,

25 Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хандан,—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй.

26 Хэрэв Сатан нь Сатаныгаа зайлуулбал, тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж байгаа хэрэг болох нь. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ?

27 Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгч болно.

28 Харин хэрвээ Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.

29 Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн түүний гэрт нь ороод эд хөрөнгийг нь булааж чадах билээ? Хүлсний дараа л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ.

30 Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн.