1 Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү.
2 Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ.
3 Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ?
4 Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж хэлнэ гэж үү?
5 Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно.
6 Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж чамайг хэсэглэн тастчих вий.
7 Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
8 Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.
9 Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу?
10 Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ?
11 Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?
12 Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд. Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн.
13 Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог.
14 Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.
15 Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм.
16 Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй биз дээ?
17 Үүнчлэн сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг. Харин муу модноос муу үр жимс ургадаг.
18 Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж үл чадна.
19 Сайн үр жимс ургуулдаггүй аливаа модыг огтолж галд хаядаг.
20 Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина.
21 Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.
22 Тэр өдөр Надад олон хүн “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?” гэж хэлэх болно.
23 Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.
24 Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ.
25 Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв.
26 Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үл үйлддэг аливаа хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ.
27 Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.
28 Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа.
29 Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв.