Матай 12:38-44 АБ2004

38 Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд—Багш аа, бид Танаас тэмдэг үзэхийг хүсэж байна гэсэнд,

39 харин Тэр тэдэнд—Хорон муу болоод завхай үеийнхэн тэмдгийг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр ямар ч тэмдгийг тэдэнд өгөхгүй.

40 Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.

41 Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна.

42 Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож эднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа Нэгэн байна.

43 Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч түүнийгээ олдоггүй.

44 Тэгээд тэр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэж хэлдэг. Буцаж ирэхэд нь, түүнийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрдсэн, цэгцтэй болсон байхыг тэр хардаг.