Матай 21:21-27 АБ2004

21 Есүс хариуд нь—Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлсэн ч энэ нь биелэх болно.

22 Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав.

23 Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж,—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад

24 Есүс тэдэнд—Би та нараас бас нэг зүйлийг асууя. Хэрэв Надад хариулбал, Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлье.

25 Иоханы баптисм хаанаас эхтэй байсан бэ? Тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд өөр хоорондоо хэлэлцэж—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ.

26 Хэрэв “Хүмүүсээс” гэвэл, энэ хурсан олон түмнээс бид айж байна. Учир нь тэд бүгдээрээ Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд,

27 Түүнд—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс ч мөн тэдэнд хэлсэн нь—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй.