Матай 21:32-38 АБ2004

32 Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болоод янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзэхдээ гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.

33 Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.

34 Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ.

35 Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нөгөөг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив.

36 Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мөн л адил ханджээ.

37 Гэвч дараа нь тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ илгээв.

38 Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирэгтүн, түүнийг алж, өвийг нь булаацгаая” гэжээ.