Матай 6:1-6 АБ2004

1 Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.

2 Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.

3 Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд.

4 Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.

5 Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.

6 Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.