Матай 9:16-22 АБ2004

16 Ер нь хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавихгүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна.

17 Хүмүүс шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвээс тулам сад тавьж, дарс асгарч, тулам хэрэггүй болно. Харин тэд шинэ дарсыг шинэ тулманд хийвэл аль аль нь хэвээрээ байх болно.

18 Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд,—Миний охин дөнгөж саяхан үхчихлээ. Харин Та очиж түүнд гар хүрвэл охин минь амьдрах болно гэжээ.

19 Есүс босож, түүнийг даган явахад шавь нар нь ч бас хамт явлаа.

20 Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй Түүний ард ирж, дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад

21 ингэхдээ тэр эмэгтэй—Хэрэв Түүний дээлд нь л хүрвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ.

22 Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад—Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ.