Ром 1:13-19 АБ2004

13 Ах дүү нар аа, бусад үндэстнүүдийн дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар уруу очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна.

14 Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй.

15 Тиймд миний хувьд, Ромд байгаа та нарт ч мөн сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна.

16 Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн.

17 Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэн байдаг.

18 Бурханы уур хилэн үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг.

19 Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж.