1 Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ.
2 Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг бид мэднэ.
3 Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу?
4 Эсвэл та Бурханы энэрэл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?
5 Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.
6 Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.
7 Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг хүмүүст мөнх амь өгнө.
8 Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй, харин зөв бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана.
9 Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей, мөн түүнчлэн Грек хүмүүст байна.
10 Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей мөн түүнчлэн Грек хүмүүст байна.
11 Бурханд ялгаварлах үзэл байдаггүй.
12 Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн мөн Хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн Хуулиар шийтгэгдэх болно.
13 Учир нь Хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин Хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно.
14 Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог.
15 Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг.
16 Миний сайн мэдээний дагуу, энэ нь Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх өдөрт болно.
17 Хэрэв та Иудей хэмээх нэр зүүж, Хуульд найдан, Бурханаар сайрхдаг агаад
18 Хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол,
19 мөн Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл,
20 мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол,
21 тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? Хулгай бүү хий гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу?
22 Бүү завхайр гэж ярьдаг та өөрөө завхайрдаг юм уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог юм уу?
23 Хуулиар сайрхагч та өөрөө Хуулийг зөрчсөнөөрөө Бурханыг гутаадаг юм уу?
24 Учир нь «Бурханы нэр та нараас болж харь үндэстнүүдийн дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг.
25 Хэрэв та Хуулийг биелүүлбэл хөвч хөндөлт нь тустай ажээ. Харин та Хуулийг зөрчигч нь мөн бол таны хөвч хөндөлт чинь хөвч хөндөлт биш болдог.
26 Тиймээс хэрэв хөвч хөндүүлээгүй хүн Хуулийн шаардлагуудыг сахивал тэр хүнийг хөвч хөндүүлээгүй бус, харин хөвч хөндүүлсэн гэж үзэх бус уу?
27 Хөвч хөндөлтийг биедээ хийлгээгүй хүн хэрэв Хуулийг сахивал, Хуулийн үсэг болон хөвч хөндөлттэй атлаа Хуулийг зөрчигч таныг шүүх бус уу?
28 Учир нь гаднах байдлаараа иудей нь иудей хүн биш бөгөөд махан биеийн гаднах хөвч хөндөлт нь ч хөвч хөндөлт биш.
29 Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мөн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.