Ром 13:6-12 АБ2004

6 Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.

7 Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.

8 Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг.

9 Учир нь «Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр» гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үгийн дотор агуулагддаг юм.

10 Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн.

11 Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна.

12 Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.