Левит 14:18-24 АБ2004

18 Тахилч алган дахь үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн толгой дээр асгана. Тийнхүү тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх ёстой.

19 Тахилч дараа нь нүглийн төлөөх тахилыг өргөж, бузраасаа цэвэршүүлэгдэж байгаа нэгний төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэгээд үүний дараа тахилч шатаалт тахилыг нядална.

20 Тэр шатаалт тахил, идээн өргөлийг тахилын ширээн дээр дээш өргөнө. Ингэж тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр хүн цэвэр болно.

21 Гэвч хэрэв тэр хүн нь ядуу бөгөөд тэгж өргөх чадалгүй байх аваас, тэрээр өөрийнхөө төлөө эвлэрүүллийг хийхэд зориулан даллах өргөлөөр өргөх гэмийн төлөөх тахилд нэг эр хургыг, идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой.

22 Мөн өөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм.

23 Тэгээд найм дахь өдөр нь тэр тэдгээрийг өөрийн цэвэршүүлэлтэд зориулан ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд тахилчид авчрах болой.

24 Тахилч гэмийн төлөөх тахилын хургыг, нэг лог тосыг авч, тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөнө.