1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
3 Та нар өөрсдийн амьдарч байсан Египетийн нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Миний та нарыг аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний ёс заншлууд дотор та нар явах ёсгүй.
4 Та нар Миний шүүлтийг хэрэгжүүлэн, Миний тогтоолыг сахин тэдгээрийн дотор явагтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
5 Тиймээс та нар Миний тогтоол, Миний шүүлтийг сахигтун. Тэдгээрийг үйлддэг хүн түүгээрээ амьдарна. Би бол ЭЗЭН.
6 Та нарын хэн нь ч хурьцах гэж өөрийн цусан төрөлдөө хүрч үл болно. Би бол ЭЗЭН.
7 Эцгийнхээ бие болох эхтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эх мөн. Чи түүнд хавьтах ёсгүй.
8 Чи эцгийнхээ эхнэртэй хурьцаж болохгүй. Энэ нь чиний эцгийнх болой.
9 Эгч дүүтэйгээ, эцгийн чинь ч охин бай, эхийн чинь ч охин бай, гэрт ч төрсөн бай, гадна ч төрсөн бай тэдэнтэй чи хурьцаж болохгүй.
10 Ач охинтойгоо, эсвэл зээ охинтойгоо чи хурьцаж болохгүй. Учир нь тэдний махан бие нь чамаас гарсан юм.
11 Эцэгт чинь төрсөн, эцгийн чинь эхнэрийн охин нь чиний эгч дүү болдог учир түүнтэй чи хурьцаж болохгүй.
12 Чи авга эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эцгийн чинь цусан төрөл юм.
13 Чи нагац эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол эхийн чинь цусан төрөл юм.
14 Чи авгынхаа бие болох эхнэртэй нь хурьцаж болохгүй. Түүний эхнэрт бүү хавьт. Тэр нь чиний авга бэргэн болой.
15 Чи мөн бэртэйгээ хурьцаж болохгүй. Тэр нь чиний хүүгийн чинь эхнэр учир чи түүнд хавьтах ёсгүй.
16 Чи бэргэнтэйгээ хурьцаж болохгүй. Энэ нь чиний ахын бие болдог юм.
17 Чи эмэгтэй болон түүний охин хоёулантай нь хурьцаж болохгүй. Мөн түүний ач охин, эсвэл зээ охинтой хурьцахын тулд түүнийг бүү ав. Тэд нь цусан төрөл бөгөөд энэ нь жигшүүрт явдал юм.
18 Чи эхнэрийгээ амьд байхад нь дээр нь нэмэн түүний эгч дүүтэй гэрлэн хурьцаж, тэднийг өрсөлдөгчид болгож болохгүй.
19 Мөн чи эмэгтэйтэй сарын тэмдгийнх нь үеэр хурьцах гэж түүнд хүрч болохгүй.
20 Чи мөн бусдын эхнэртэй хурьцаж түүнтэй хамт бузарлагдах ёсгүй.
21 Чи мөн өөрийн үр удмыг Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН.
22 Эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил, чи эр хүйстэнтэй бүү унт. Энэ нь жигшүүрт юм.
23 Мөн чи аливаа амьтантай хавьтаж, түүнтэй хамт бузарлагдаж болохгүй. Аливаа эмэгтэй нь амьтны өмнө түүнтэй нийлэлдэхээр зогсох ёсгүй. Энэ нь гажуу явдал болой.
24 Эдгээр зүйлсийн аль нэгээр нь өөрсдийгөө бүү бузарлагтун. Учир нь та нарын өмнөөс Миний хөөх үндэстнүүд эдгээр бүх зүйлсээр бузар болсон юм.
25 Уг газар нутаг бузар болсноос, тиймийн учир Би шийтгэлийг нь дээр нь авчирсан бөгөөд тэр нутаг оршин суугчдаа бөөлжин гаргасан.
26 Гэвч та нарын хувьд, та нар Миний тогтоолууд болон хуулиудыг сахих ёстой бөгөөд уугуул болон та нарын дунд түр амьдарч буй гадаадынхан ч эдгээр жигшүүрт зүйлсийн алийг нь ч хийх ёсгүй.
27 (Учир нь энэ нутагт та нарын урьд амьдарч байсан хүмүүс эдгээр бүх жигшүүрийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болсон юм.)
28 Энэ нь та нарыг тэр нутгийг бузарлахад тэр нь өмнө чинь байсан үндэстнийг бөөлжин гаргасан шигээ та нарыг мөн бөөлжин гаргуулахгүйн тулд болой.
29 Учир нь эдгээр жигшүүрийн аль нэгийг нь хийсэн хэн боловч тийнхүү үйлдэгчид нь өөрсдийн ард олны дундаас таслагдах юм.
30 Ингэж та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүрт заншлын аль нэгийг та нар (тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд) үл үйлдэн, Миний шаардлагуудыг сахих ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.