1 ЭЗЭНий оршихуйд дөхөж очоод үхсэн, Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН Мосетэй ярив.
2 ЭЗЭН Мосед айлдсан нь—Өөрийн ах Ааронд хандан түүнийг, хөшигний доторх, авдар дээрх өршөөлийн суудлын өмнөх ариун газарт хэзээ ч хамаагүй орж болохгүйг хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү өршөөлийн суудал дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.
3 Аарон нь, нүглийн төлөөх тахилд зориулсан нэг бух, шатаалт тахилд зориулсан нэг хуцтайгаар ариун газарт ор.
4 Тэр маалинган ариун дээлийг өмсөх ёстой. Маалинган дотуур хувцас түүний биен дээр байна. Тэр маалинган урт бүсийг бүсэлж, даавуун малгайгаар гоёх болой. Эдгээр нь ариун хувцас учир тэр биеэ усанд булхан тэдгээрийг өмсөх ёстой.
5 Тэрээр Израилийн хөвгүүдийн цуглаанаас хоёр ухныг нүглийн төлөөх тахилд зориулан, нэг хуцыг шатаалт тахилд зориулан авах ёстой.
6 Тэгээд өөрийнхөө төлөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийхийн тулд бухыг өөрийн нүглийн төлөөх тахилд зориулан өргөх ажгуу.
7 Тэр хоёр ухныг авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчрах ёстой.
8 Аарон хоёр ухнад зориулан шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө нь нүглийг үүрэгч ухнад оногдох болой.
9 Тэгээд Аарон ЭЗЭНд оногдох шавга, дээр нь унасан ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөх ёстой.
10 Гэвч нүглийг үүрэгч ямааны шавга, дээр нь унасан ямаагаар дамжуулж эвлэрүүллийг хийхийн тулд түүнийг нүглийг үүрэгч ямаа болгон хээр тал уруу явуулахаар ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирна.
11 Тэгээд Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг өргөх бөгөөд өөрийнхөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг нядална.
12 Тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна.
13 Тэр ЭЗЭНий өмнө уг утлагыг гал дээр хийж, утлагын утаа нь гэрчлэлийн дээрх өршөөлийн суудлыг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ.
14 Түүнээс гадна тэр бухны цуснаас хэсгийг авч, хуруугаараа өршөөлийн суудлын зүүн тал уруу цацаж, бас өршөөлийн суудлын нүүрэн тал уруу хэсэг цусыг долоон удаа цацна.
15 Тэгээд тэр ард олонд зориулагдсан нүглийн төлөөх тахилын ухныг нядалж, цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар хийсэнчлэн түүний цусаар хийж, түүнийг өршөөлийн суудал дээр болон өршөөлийн суудлын нүүрэн тал уруу цацна.
16 Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийнх нь улмаас тэрээр ариун газрын төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших хурлын майхны төлөө тэгж хийх ёстой.
17 Түүнийг ариунаас ариун газарт эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед нь түүнийг өөрийнхөө төлөө, гэрийнхнийхээ төлөө, Израилийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийн гарч ирэх хүртэл нь хэн ч хурлын майханд байх ёсгүй.
18 Тэгээд тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээ уруу гарч ирэн, түүний төлөө эвлэрүүллийг хийхдээ бух болон ухны хэсэг цусыг авч, тахилын ширээний эврүүд дээр нялна.
19 Тэр хуруугаараа хэсэг цусыг түүн дээр долоон удаа цацан, түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгах болой.
20 Аарон нь ариунаас ариун газар, хурлын майхан, тахилын ширээний төлөө эвлэрүүллийг хийж дуусаад, амьд ухныг өргөх ёстой.
21 Тэгээд Аарон амьд ухны толгойн дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наманчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд түүнийг сонгогдсон хүний гараар хөтлүүлэн хээр тал уруу явуулах ёстой.
22 Ухна бүх гэм нүглийг зэлүүд газар уруу өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг хээр суллах ёстой.
23 Тэгээд Аарон хурлын майханд ирж, ариунаас ариун газар уруу орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхино.
24 Тэр ариун газарт усанд биеэ булхаад өөрийн хувцсуудыг өмсөж, урагш гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг өргөж, өөрийнхөө төлөө болон ард түмний төлөө эвлэрүүллийг хийнэ.
25 Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.
26 Нүглийг үүрэгч ухныг суллаж явуулсан нэгэн нь хувцсаа угаан усанд биеэ булхаад үүний дараа хуаранд орно.
27 Гэвч эвлэрүүлэл хийхээр ариунаас ариун газарт цусыг нь оруулсан нүглийн төлөөх тахилын бух болон нүглийн төлөөх тахилын ухна нь хуарангийн гадна гаргагдаж тэдгээрийн арьс, мах, сэвс нь галд шатаагдах болой.
28 Тэгээд тэдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад үүний дараа хуаранд орох ёстой.
29 Энэ нь та нарт улиран үргэлжлэх тогтоол болно. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр та нар болон та нарын дунд түр сууж буй харийнхан өөрсдийн сэтгэлийг даруу болгон, аливаа ажлыг бүү хий.
30 Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарын төлөө энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө өөрсдийн бүх нүглээсээ цэвэршигдэх болно.
31 Энэ нь та нарын хувьд сэтгэлийг чинь даруу болгон амраах Амралтын өдөр болох юм. Энэ нь улиран үргэлжлэх тогтоол юм.
32 Тийм учраас эцгийнхээ байранд тахилчаар үйлчлэхээр тослогдон, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр ариун хувцас буюу маалинган хувцсуудыг өмсөөд,
33 ариунаас ариун газрын төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэр хурлын майхан болон тахилын ширээний төлөө эвлэрүүлэл хийх юм. Тэр мөн тахилч нарын болон чуулганы бүх ард олны төлөө эвлэрүүлэл хийх юм.
34 Энэ нь та нарт жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн төлөө эвлэрүүллийг хийх тухай улиран үргэлжлэх тогтоол болох юм гэв. Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор яг хийв.