Левит 6:12-18 АБ2004

12 Тахилын ширээн дээрх гал түүн дээрээ үргэлж шатсаар байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй. Харин тахилч өглөө бүр түүн дээр мод шатааж, дээр нь шатаалт тахилыг тавин, эвийн тахилуудын өөхийг шатаан уугиулна.

13 Гал нь тахилын ширээн дээр байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.

14 Харин идээн өргөлийн хууль нь ийм юм. Аароны хөвгүүд нь түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд авчирна.

15 Тэдний нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг түүний тос болон идээн өргөл дээрх бүх утлагынх нь хамт авч, дурсгалын өргөл болгон ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрээр тахилын ширээн дээр шатаан уугиулах болой.

16 Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.

17 Энэ нь хөрөнгөтэй хийгдэх ёсгүй. Үүнийг Би галаар өргөх өргөлүүдээсээ тэдний хувь болгон өгсөн. Энэ нь нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилын адил хамгийн ариун болой.

18 Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь үеийн үед ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн улиран үргэлжлэх зарлиг юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдах ёстой” гэв.