Үйлс 12:11-17 АБ2004

11 Петр сэхээ орж,—Эзэн Өөрийн тэнгэр элчээ илгээж намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.

12 Ийнхүү ухаарсан тэр Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа.

13 Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин гарч ирээд,

14 Петрийн дууг танив. Тэр баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ.

15 Тэгтэл хүмүүс түүнд—Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин түүнийг ирсэн болохыг батлан хэлэхэд тэд—Тэгвэл түүний тэнгэр элч байна гэцгээв.

16 Харин Петр хаалгыг тогшсоор л байлаа. Тэд хаалга онгойлгоод түүнийг хармагцаа мэл гайхжээ.

17 Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж,—Энэ тухай Иаковд болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу явав.