1 Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа.Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей болон Самарийн нутгуудад тархав.
2 Стефаныг сүсэгтэй хүмүүс оршуулж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаав.
3 Харин Саул чуулганыг хоосруулж, айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж байлаа.
4 Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв.
5 Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав.
6 Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа.
7 Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв.
8 Тэр хот үлэмж баяр баясалтай байв.
9 Хотод илбэ үзүүлэн, самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг эр байжээ.
10 Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж,—Бурханы Агуу Хүч хэмээн нэрлэдэг чинь энэ хүн байна гэцгээдэг байж.
11 Тэр удаан хугацааны турш илбээр бусдыг гайхшруулж байсан тул тэд түүнд анхаарлаа хандуулдаг байжээ.
12 Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс баптисм хүртэцгээж байлаа.
13 Симон хүртэл итгэсэн бөгөөд баптисм хүртсэний дараа Филипийг дагах болж, гайхамшгууд болон тэмдгүүд үйлдэгдэхийг харан, үргэлж гайхаж хоцордог байв.
14 Самари нь Бурханы үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн уруу явуулав.
15 Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирчээ.
16 Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ.
17 Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа.
18 Элч нарын гар тавилтаар дамжуулан Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч,—
19 Энэ эрх мэдлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүү дээ гэв.
20 Гэвч Петр түүнд—Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийг мөнгөөр авч болно гэж чи санажээ.
21 Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй.
22 Энэ хар санаархалдаа гэмшиж Эзэнд залбир. Магадгүй зүрхэн дэх хар санаа чинь зайлуулагдаж болох юм.
23 Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.
24 Симон хариуд нь—Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.
25 Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж, тунхаглаад Иерусалим уруу буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайн мэдээг тунхаглав.
26 Харин Эзэний тэнгэр элч Филипт—Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)
27 Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд,
28 буцан явж байжээ. Тэр буцах замдаа тэргэндээ эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж явав.
29 Сүнс Филипт хандаж—Тэр тэргийг гүйцэн оч гэв.
30 Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс—Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад
31 тэр—Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ? гээд Филипийг тэргэндээ урьж суулгав.
32 Түүний уншиж байсан Судрын хэсэг гэвэл,“Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөдХяргагчийн өмнө буй хурга дуугүй байдаг шиг Тэр амаа ч нээгээгүй юм.
33 Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн.Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ?Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм”гэсэн нь аж.
34 Мөнөөх тайган хүн Филипт хандаж—Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд
35 Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.
36 Тэд замаараа явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн—Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв.
37 [Филип—Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр—Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулав.]
38 Мөнөөх тайган хүн тэргийг зогсоохыг тушаав. Тэгээд тэд хоёулаа ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ.
39 Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ.
40 Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээ дайран гарсан бүх хотуудад сайн мэдээг дэлгэрүүлсээр явлаа.