Үйлс 15 АБ2004

1 Иудейгээс ирсэн хэсэг хүмүүс—Мосегийн ёс заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй л бол та нар аврагдаж чадахгүй хэмээн ах дүүс нарт сургажээ.

2 Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, их маргаан болов. Ах дүүс хэдэн хүнийг Паул, Барнаб нарын хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов.

3 Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо харь үндэстнүүдийн Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.

4 Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы өөрсөдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ.

5 Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож—Тэд хөвч хөндүүлэн, Мосегийн Хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв.

6 Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав.

7 Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд—Ах дүү нар аа, харь үндэстнүүдэд сайн мэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан анхнаасаа намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэцгээж байгаа.

8 Зүрх сэтгэлийг мэдэгч Бурхан бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд

9 тэдний зүрх сэтгэлийг Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.

10 Бидний эцгүүдийн, бас бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?

11 Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.

12 Цугласан олон бүгдээрээ чимээгүй байцгааж байлаа. Харь үндэстнүүдийн дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.

13 Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков—Ах дүү нар минь, намайг сонсоцгоо.

14 Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар анх хэрхэн харуулсан тухай Симон хэллээ.

15 Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ.

16 “«Үүний дараа Би эргэж ирээдДавидын нурсан асрыг дахин босгоно.Түүний нурангийг Би дахин босгож, сэргээнэ.

17 Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болонБусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой»

18 гэж эдгээрийг өнө эртнээс мэдэгддэг Эзэн айлдаж байна”гэжээ.

19 Тиймээс миний санаа бол харь үндэстнүүдийн дундаас Бурхан уруу эргэж буй хүмүүсийг бид зовоохгүй байх нь дээр юм.

20 Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.

21 Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.

22 Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагдав.

23 Тэднээр энэхүү захидлыг илгээв.“Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харь үндэстэн ах дүү нарт мэнд хүргэе.

24 Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь өөрсдийн үгээрээ та нарт төвөг удаж, сэтгэлийг тань үймрүүлснийг сонссон тул

25 бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар уруу явуулах нь бидэнд зүйтэй санагдав.

26 Тэд бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулсан хүмүүс билээ.

27 Тиймээс бид Иуда, Силас нарыг явууллаа. Тэд бас мөнөөх зүйлийн талаар ярих болно.

28 Учир нь Ариун Сүнс болон бид доор бичигдсэн зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт тохохгүй байх нь зүйтэй гэж мэдэв.

29 Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас цээрлэгтүн. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.

30 Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав.

31 Захидлыг уншаад тэд урамшуулсан үгст нь баярлацгаав.

32 Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгсээрээ ятган, бататгажээ.

33 Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд уруугаа амар амгалан буцлаа.

34 [Харин Силасын хувьд, Антиохт үлдэх нь зүйтэй санагджээ.]

35 Паул, Барнаб хоёр Антиохт үлдэж, бусад нөхдийн хамтаар Эзэний үгийг тунхаглан, зааж байлаа.

36 Хэдэн өдрийн дараа Паул—Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв.

37 Барнаб Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг хүсжээ.

38 Памфулд биднийг орхиж, ажлын төлөө бидэнтэй хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул зүтгэсээр байлаа.

39 Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ.

40 Харин Паул Силасыг авч явлаа. Ах дүү нар Паулыг Эзэний нигүүлсэлд даатгав.

41 Тэрээр Сири болон Киликээр дайран гарахдаа чуулгануудыг урамшуулж явлаа.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28