Үйлс 13:7-13 АБ2004

7 Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Сергио Паул Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав.

8 Харин шидтэн Елум (түүний нэрийг орчуулбал ийм ажгуу) тэднийг эсэргүүцэж, захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа.

9 Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон,—

10 Аливаа заль, мэхээр дүүрэн, диаволын хүү, аливаа зөвт байдлын дайсан болсон чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?

11 Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа.

12 Болсон явдлыг харсан мөнөөх захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.

13 Паул болон түүний нөхөд Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднийг орхиж, Иерусалим уруу буцжээ.