Үйлс 21:25-31 АБ2004

25 Харин итгэсэн харь үндэстнүүдийн тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн өргөл, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас цээрлэх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.

26 Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, цэвэршилтийн өдрүүд дуусах болон хүн тус бүрийн төлөө тахил өргөх өдрийг мэдэгдэв.

27 Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад—

28 Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, Хууль болон энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекчүүдийг сүмд оруулж энэ ариун газрыг бузарласан гэж хашхиран хэлэв.

29 Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ.

30 Хот бүхэлдээ хөдөлж, хүмүүс олноороо цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа.

31 Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв.