23 Урьд шөнө миний харьяалагддаг болон миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэр элч өмнө минь зогсож
24 “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон” гэв.
25 Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.
26 Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.
27 Бид Адриатын тэнгисээр туугдсаар арван дөрөв дэх шөнөтэйгөө золгов. Гэтэл шөнө дунд усан цэргүүд эх газарт дөхөн явааг таамаглаад,
28 тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв.
29 Ингээд хаа нэгтээ хад мөргөхөөс болгоомжлон тэд усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн залбирч байлаа.