Эхлэл 11:3-9 АБ2004

3 Тэд бие биедээ—Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ.

4 Тэгээд тэд—За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.

5 ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ.

6 ЭЗЭН айлдсан нь—Эдгээр хүмүүс нэг үндэстэн, бас нэг хэлтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хойшид тэдний хийхээр төлөвлөсөн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно.

7 Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ.

8 Тэгээд ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ.

9 ЭЗЭН тэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан учир түүнийг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.