1 ЭЗЭН Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад,
2 хараагаа өргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж,—
3 Эзэн минь ээ! Хэрэв би таны таалалд нийцсэн бол, өчүүхэн зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй хэмээн би гуйж байна.
4 Жаахан ус авчруулж, та нар хөлөө угааж, энэ модны доор амарна уу?
5 Би жаахан талх авчиръя, тэгээд та нар түр амсхийгээд тэнхээ орж, аян замдаа гараарай. Та нар зарцынхаараа дайрч ирсэн учир ийм болой гэв. Тэд—Чиний хэлсэн ёсоор болог гэв.
6 Абрахам гэртээ санд мэнд гүйж ороод, Сарад—Түргэлээрэй! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд
7 Абрахам хот уруугаа гүйн очоод, нэгэн тарган сайн бяруу барьж авчраад, зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав.
8 Абрахам ээдэм, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур, өөрөө модны дор зогсож байв.
9 Тэд Абрахамаас—Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд—Майхандаа байгаа гэж хариулав.
10 Тэр—Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ.
11 Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ.
12 Сара дотроо инээж, өгүүлрүүн,—Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв.
13 ЭЗЭН Абрахамд—Яагаад Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү” гэж хэлээд байна вэ?
14 ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв.
15 Сара айсандаа—Би инээгээгүй гэж мэлзсэнд—Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.
16 Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.
17 ЭЗЭН—Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?
18 Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуулан ерөөгдөх биш үү?
19 Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв.
20 Тэгээд ЭЗЭН—Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их болсон бөгөөд тэдний гэм нүгэл маш хүнд ажээ.
21 Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье, гэв.
22 Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.
23 Абрахам ойртон ирж,—Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу?
24 Тэр хотод зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү?
25 Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.
26 ЭЗЭН—Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд
27 Абрахам—Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.
28 Хэрэв тавин зөв шударга хүнд таван хүн дутвал та тэр таван хүнийг дутсаны учир бүх хотыг устгах уу? гэв. ЭЗЭН—Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэсэнд
29 Абрахам дахин—Тэндээс дөчин хүн олдвол, та яах вэ? гэж асуув.—Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв.
30 Абрахам—Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд—Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.
31 Абрахам—Би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол, Та яах вэ? гэсэнд—Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ.
32 Абрахам дахин—Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд—Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.
33 ЭЗЭН Абрахамтай яриагаа дуусгангуутаа одоход, Абрахам ч бас өөрийн газар уруу харьжээ.