1 Иаков цааш хөдлөн, дорнын хүмүүсийн нутагт хүрчээ.
2 Тэрээр харвал, талд нэгэн худаг байх ба дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг ажээ. Худгийнхаа амыг чулуугаар дараад,
3 бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.
4 Иаков тэдэнд хандаж—Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд—Бид Харанаас ирсэн гэжээ.
5 Иаков тэднээс—Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд—Бид түүнийг мэднэ гэв.
6 Иаков тэднээс—Тэр сайн уу? гэж асуусанд тэд—Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав.
7 Иаков—Өдөр яагаа ч үгүй байна. Хонин сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэв.
8 Тэд—Бид чадахгүй. Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амсраас чулууг өнхрүүлэн зайлуулаад, бид хонио усалдаг гэв.
9 Иаковыг тэдэнтэй ярьж байхад, Рахел эцгийнхээ хонийг тууж ирэв. Тэрээр хоньчин байжээ.
10 Иаков нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, нагац ах Лабаны хонин сүргийг услав.
11 Тэгээд Иаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан,
12 Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү гэдгээ хэлсэнд тэрээр гүйн явж, эцэгтээ хэлэв.
13 Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн, үнсээд, гэртээ дагуулан оров. Иаков өөрийнхөө тухай бүгдийг Лабанд ярьж өгчээ.
14 Лабан түүнд—Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.
15 Лабан Иаковт—Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв.
16 Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой.
17 Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ.
18 Иаков Рахелд дурласан тул—Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд
19 Лабан—Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ.
20 Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.
21 Иаков Лабанд—Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ.
22 Лабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв.
23 Үдэш нь Лабан охин Леагаа Иаковт авчирсанд, Иаков түүн дээр оржээ.
24 Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ.
25 Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд—Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд
26 Лабан—Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй.
27 Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ.
28 Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ.
29 Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ.
30 Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.
31 ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ.
32 Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр—ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.
33 Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд,—ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг бас надад өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ.
34 Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлж,—Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надад татагдах болно гээд түүнийгээ Леви гэжээ.
35 Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд—Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэжээ. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.