1 Леагийн Иаковт төрүүлж өгсөн охин Дина тэр нутгийн бүсгүйчүүдийг харахаар гадагш гарчээ.
2 Хивичүүдийн Хаморын хүү буюу тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирч хүчирхийлэн бузарлав.
3 Түүний сэтгэл Иаковын охин Динад хүчтэй татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив.—
4 Энэ охиныг надад эхнэр болгон авч өгөөч гэж тэр эцэг Хамораасаа гуйлаа.
5 Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч, хүүхдүүдээ хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байжээ.
6 Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар гарчээ.
7 Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Шехем Иаковын охиныг хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ.
8 Хамор тэдэнтэй ярилцан,—Миний хүү Шехем танай охинд үнэн сэтгэлээсээ дурласан учир түүнийг Шехемд эхнэр болгон өгөөч.
9 Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа.
10 Тэгээд та нар бидэнтэй хамт амьдран сууцгаа. Та нарын өмнө газар нутаг байна. Эндээ суугаад, худалдаа наймаа хийж, өмчөө эзэмшицгээ гэв.
11 Шехем Динагийн эцэг болон ах нарт нь хандаж,—Хэрэв би та нарын тааллыг олбол та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье.
12 Охиныхоо инж болон бэлгийг хичнээн ч их хэлсэн та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв.
13 Дүү Динаг нь бузарласан учир, Иаковын хөвгүүд Шехемд болон эцэг Хаморт нь хуурамч хариу өгчээ.
14 Иаковын хөвгүүд тэдэнд—Бид ингэж болохгүй. Хөвч хөндүүлээгүй хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.
15 Харин ийм нэг болзлыг хангавал, бид та нарт зөвшөөрнө. Хэрэв танай бүх эрчүүд хөвч хөндөх ёслол хийлгэж, бидэнтэй адил болбол,
16 бид охидоо та нарт өгч, танай охидыг бид авна. Тэгээд бид та нартай хамт аж төрж, нэг үндэстэн болцгооно.
17 Хэрэв та нар бидний үгийг сонсохгүй, хөвч хөндөх ёслол хийлгэхгүй бол бид даруй охиноо аваад явна гэв.
18 Тэдний үг Хамор болон түүний хүү Шехемд таалагджээ.
19 Тэр залуу Иаковын охинд дурласан, бас эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь болох учир түүнийг нь биелүүлэхийг хойшлуулсангүй.
20 Хамор болон түүний хүү Шехем хотынхоо хаалган дээр ирж, хотынхонтойгоо ярилцан—
21 Эдгээр хүмүүс бидэнтэй найрсаг байна. Тэднийг энд суулгаж, худалдаа хийлгэе. Энэ газар өргөн уудам учир тэдэнд хүрэлцээтэй. Тэдний охидыг бид эхнэр болгон авч, бас тэдэнд охидоо өгцгөөе.
22 Манайхны бүх эрчүүд тэдний хийлгэдэг хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн нөхцөлд л тэр хүмүүс бидэнтэй хамт аж төрж, нэг үндэстэн болохыг зөвшөөрнө.
23 Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв.
24 Хотын дааман хаалгаар орж гарч байгаа бүх хүн Хамор болон түүний хүү Шехемийн үгийг сонсоод тэр хаалгаар орж, гарч байгаа бүх эрчүүд цөм хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ.
25 Гурван өдрийн дараа тэднийг өвчтэй байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон, Леви хоёр тус тус сэлмээ авцгааж, ажиггүй байхад нь хот уруу довтлон, хамаг эрчүүдийг нь алжээ.
26 Тэд Хамор болон түүний хүү Шехемийг сэлэмдэн алаад, Шехемийн гэрээс Динагаа авч одов.
27 Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.
28 Тэд тэдний хонь, үхэр, илжиг, бас хотын дотор болон талбайд байсан хамаг юмыг нь булаан авав.
29 Тэд бас тэдний бүх эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэрүүдийг булаан авч, гэр оронд нь байсан бүхнийг түйвээжээ.
30 Иаков Симеон, Леви хоёрт хандаж—Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад гай тарьлаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, гэр оронтойгоо би устгагдах болно гэв.
31 Харин тэд—Тэрээр охин дүүтэй минь янхан мэт хандах ёстой байсан гэж үү? хэмээжээ.