Эхлэл 43:11-17 АБ2004

11 Эцэг Израиль нь тэдэнд хандаж—Тэгвэл үүнийг хий. Та нар энэ нутгийн дээд зэргийн юмнаас савандаа хийж, тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг, үүнд багахан гүгэл, жаахан зөгийн бал, үнэрт давирхай, анхилуун үнэртэн тос, самар, алмонд тэргүүтэн болой.

12 Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй.

13 Бас дүүгээ авч яваад, тэр хүн дээрээ эргэж оч!

14 Төгс хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлах буй за. Тэгснээр тэр та нарын нөгөө нэгийг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай. Миний хувьд, би алдвал ч алдъя гэв.

15 Тэгээд тэд тэдгээр бэлэг болон хоёр дахин их мөнгийг аваад Бениаминтай хамт Египетэд хүрч, Иосефын өмнө хүрэлцэн ирэв.

16 Иосеф тэдэнтэй хамт Бениамин байхыг хараад, гэрийн даамалдаа—Энэ хүмүүсийг гэрт оруулж, мал гарган бэлтгэ. Энэ хүмүүс үдэд надтай хамт хооллоно гэсэнд

17 даамал Иосефын хэлснийг ёсоор болгож, тэр хүмүүсийг Иосефын гэрт оруулав.