Эхлэл 50:9-15 АБ2004

9 Цэргийнхний тэрэг, морьтон бас Иосефыг дагалджээ. Тэр хэсэг нь маш олон хүн байжээ.

10 Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэнгүүтээ чангаар уйлалдан, гүнээр эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.

11 Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад—Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мизраим хэмээн нэрлэх болжээ.

12 Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.

13 Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутаг уруу авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт худалдаж аваад, оршуулгын газар болгосон байв.

14 Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүмүүстэй хамт Египетдээ буцаж иржээ.

15 Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад—Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав.