1 Давид хаан нас өндөр болж хөгширсөн билээ. Түүнийг хэдэн давхар хөнжлөөр хучаад ч дулаацахаа больжээ.
2 Түшмэд нь түүнд—Бидний эзэн хаан танд нэг залуу онгон охиныг олж авчирч тэрээр хаанд зарагдан, түүний асрагч болог. Түүнийг та өвөртлөн унтвал бидний эзэн хаан таны бие дулаацах болно гэлцэв.
3 Тэд Израилийн бүх нутаг даяар гоо үзэсгэлэнтэй охиныг хайж, Абишаг нэртэй нэгэн шунем охиныг олж, хааны ордонд авчирлаа.
4 Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааны асрагч болж, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.
5 Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн—Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ.
6 Эцэг нь түүнийг “Чи яагаад ийн үйлдсэн бэ?” хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.
7 Тэрээр Зеруиагийн хүү Иоаб болон тахилч Абиатар нартай зөвшилцөн, тэд Адониаг дагаж туслав.
8 Гэвч тахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.
9 Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадан дээр хонь, үхэр, тарган тугалуудаар тахил өргөн, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүд, Иудагийн бүх эрчүүд болох хааны зарц нарыг ч урьжээ.
10 Харин тэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрс болон дүү Соломон нарыг урьсангүй.
11 Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн—Бидний эзэн Давид мэдээгүй байхад Хаггитын хүү Адониа хаан болчихсон гэдгийг та сонсоогүй юу?
12 Одоо таны амь болон хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгье.
13 Давид хаанд үтэр бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн.
14 Харагтун, та хаантанд ийн айлтгаж байх үед би хойноос тань орж ирэн, өчигт тань дэм өгье хэмээв.
15 Хаантныг лавриндаа хажуулах үед нь Батшеба бараалхав. Хаан ихэд өтөлсөн бөгөөд Шунем охин Абишаг түүнд үйлчлэн байлаа.
16 Тэгээд Батшеба бөхийж хааны өмнө сөгдөн мөргөлөө. Хаан—Чи юу хүсэв? хэмээн асуув.
17 Тэрээр хаанд—Эзэн минь, та шивэгчиндээ өөрийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно” гэж амласан шүү дээ.
18 Гэтэл одоо харагтун, Адониа хаан болжээ. Миний эзэн хаан, та үүнийг мэдээгүй л байна.
19 Адониа үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг ч урьсан боловч таны боол Соломоныг урьсангүй.
20 Хаан эзэн минь, таны хувьд гэвэл, бүх Израиль хүмүүс таныг харж байна. Миний эзэн хааны дараа түүний сэнтийд хэн залгамжлан, суухыг та мэдүүлж өгөөрэй.
21 Эс тэгвэл миний эзэн хаан та өвөг дээдсийнхээ хамт нойрсох цаг ирмэгц би болон миний хүү Соломон тэрслүү хэмээн тооцогдоно шүү дээ хэмээв.
22 Батшеба хаанд айлтгасаар байх үед, эш үзүүлэгч Натан орж ирэв.
23 Тэд хаанд—Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүрээ газарт хүртэл хааны өмнө сунан мөргөв.
24 Тэгээд Натан—Миний эзэн хаан та “Адониа миний дараа хаан болж, миний сэнтийд заларна” хэмээн хэлсэн юм уу?
25 Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.
26 Харин таны боол намайг болон тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны боол Соломон нарыг тэрээр урьсангүй.
27 Эдгээрийг миний эзэн хаан та үйлдэхийг зөвшөөрсөн бол миний эзэн хааны дараа хэн түүний сэнтийд залгамжлан суухыг өөрийн боолууддаа дуулгаагүй байхсан гэж үү? гэж мэдүүлэв.
28 Тэгэхэд Давид хаан—Батшебаг над уруу дуудагтун гэлээ. Батшеба орж ирэн, хааны өмнө зогсов.
29 Хаан тангараглаж,—Миний амьдралыг бүх зовлонгоос аварсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая.
30 Би чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн билээ. Өнөөдөр би тэр ёсоор үйлдэх болно гэв.
31 Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж,—Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.
32 Дараа нь Давид хаан—Тахилч Задок, эш үзүүлэгч Натан болон Иехоиадагийн хүү Бенаиаг нааш дуудагтун гэсэнд тэд хааны өмнө ирлээ.
33 Хаан тэдэнд—Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан, миний унадаг луусанд хүү Соломоныг минь мордуулж, Гихон уруу аваач.
34 Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тэнд тосолж, эвэр бүрээ үлээн, “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.
35 Тэгээд та нар түүнийг даган ирж, тэр ирээд миний сэнтийд сууж миний оронд хаан болох ёстой. Учир нь түүнийг би Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон билээ хэмээн тушаав.
36 Иехоиадагийн хүү Бенаиа хаанд хариулан—Амен! Хаан эзний минь Бурхан ЭЗЭН ч ийн айлдах болтугай.
37 Миний эзэн хаантай ЭЗЭН хамт байсан шиг, Соломонтой ч хамт байж, түүний хаан ширээг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай хэмээн хэлэв.
38 Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан, Гихонд аваачив.
39 Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс—Соломон хаан мандтугай! гэж уухайлав.
40 Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн, маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа.
41 Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээний дууг сонсоод,—Юу болоод энэ хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв.
42 Тэрээр хэлж дуусаагүй байтал тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа—Та эр зоригтой хүн бөгөөд сайн мэдээ авчирдаг учир морилон орогтун гэв.
43 Харин Ионатан Адониад—Үгүй ээ. Манай эзэн Давид хаан Соломоныг хаанаар өргөмжилсөн билээ.
44 Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүдийг илгээсэн. Тэд Соломоныг хааны луусан дээр мордуулсан.
45 Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ.
46 Соломон хаанчлалын сэнтийд залран суусан билээ.
47 Түүгээр барахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, “Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээ мэхийн,
48 “Миний нүдэн дээр миний сэнтийд залрах хүнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав.
49 Тэгтэл Адониагийн бүх зочин айдаст автав. Тэд босож, өөр өөрийн замаар одоцгоов.
50 Адониа Соломоноос айж байлаа. Тэр босон явж, тахилын ширээний эврээс зуурч авав.
51 Соломонд—Адониа Соломон хаанаас айсандаа тахилын ширээний эврээс зууран “Өөрийн зарцыг сэлмээр цавчин алахгүй гэж Соломон хаан өнөөдөр надад тангараглаасай” гэж үглэж байна хэмээн дуулдсанд,
52 Соломон—Хэрэв тэр зохистой хүн байвал, түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр заавал үхэх болно гэж хэлэв.
53 Соломон хаан хүн илгээж, тэд түүнийг тахилын ширээнээс авчирсан билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө сунан мөргөхөд Соломон түүнд—Гэртээ харигтун гэв.