Хаадын Дээд 4 АБ2004

1 Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ.

2 Түүний түшмэд нь гэвэл: Задокийн хүү Азариа нь тахилч,

3 Шишагийн хөвгүүд болох Елихореф ба Ахиа нар хэрэг хөтлөгчид, Ахилудын хүү Иехошафат нь бичээч,

4 Иехоиадагийн хүү Бенаиа нь цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилчид,

5 Натаны хүү Азариа нь захирагчдын ахлагч, Натаны хүү, тахилч Забуд нь хааны найз,

6 Ахишар ордны түшмэл, мөн Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажилчдыг тус тус хариуцдаг байлаа.

7 Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа.

8 Тэдгээрийн нэр гэвэл Ефраимын уулархаг нутагт Бен-хур,

9 Маказын, Шаалбимын, Бет-шемешийн болон Елонбет-хананы нутагт Бендекер,

10 Аруббот нутагт Бен-хесед (Соко болон Хеферийн бүх нутаг түүнийх байсан)

11 Дорын бүх өндөрлөг нутагт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа),

12 Таанах, Мегиддо мөн Иезреелийн өмнөх Заретаны хажууд байх Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана,

13 Рамот-гилеадад Бен-гебер (Гилеадад байх Манассегийн хүү Иаирын бүх тосгон, мөн Башанд байх Аргоб, бүс нутаг буюу хүрэл хаалга, хана хэрэмнүүд бүхий жаран том хот түүнийх байлаа),

14 Маханаим нутгийг Иддогийн хүү Ахинадаб,

15 Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ),

16 Ашер ба Веалотод Хушаин хүү Баана,

17 Иссахарт Паруагийн хүү Иехошафат,

18 Бениаминд Елагийн хүү Шимеи,

19 аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байлаа.

20 Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа.

21 Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ.

22 Соломоны нэг өдрийн хэрэглэх зүйлс нь гучин кор дээд гурил, жаран кор тээрэмдсэн буудай,

23 арван тарган үхэр, бэлчээрийн хорин үхэр, буга, бор гөрөөс, согоо, таргалуулсан янзага зэргээс гадна зуун хонь байлаа.

24 Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.

25 Соломоны өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модон дор аюулгүй амьдарчээ.

26 Соломон тэрэгнүүддээ зориулсан дөчин мянган жүчээтэй бөгөөд арван хоёр мянган морьтонтой байв.

27 Орон нутгийн захирагчид хариуцсан сардаа Соломон хаанд болон хааны ширээнд ирэх бүх хүмүүст хүнсний зүйлсийг дутагдахгүйгээр хангадаг байлаа.

28 Тэд бас адуу болон хурдан морьдын идэх арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байх ёстой газарт нь нийлүүлж байв.

29 Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс шиг ихээр өгчээ.

30 Соломоны мэргэн ухаан дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ.

31 Тэр бүх хүмүүсээс төдийгүй, езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калгол болон Дардагаас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстнүүдийн дунд дуурсгагдав.

32 Тэр гурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиосон.

33 Тэрээр Ливаны хуш модноос эхлээд ханан дээгүүр ургадаг хиссоп ургамал хүртэл, мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв.

34 Соломоны мэргэн ухааны талаар дуулж мэдсэн газрын бүх хаадаас, түүний мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс хүмүүс ирдэг байжээ.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22