Хаадын Дээд 12 АБ2004

1 Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам ч Шехемд очив.

2 Небатын хүү Иеробоам сонсох үед тэрээр Египетэд амьдарч байсан (Учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан гараад Египетдээ амьдарсаар байв).

3 Тэгээд тэд хүн илгээж, Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа—

4 Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв.

5 Рехобоам тэдэнд—Гурван өдрөөр явцгаа, дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.

6 Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн,—Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөмөөр байна вэ? гэж асуув.

7 Тэд Рехобоамд хариулан—Хэрэв та өнөөдөр энэ ард түмний боол байж, тэдэнд үйлчилж, тэдний хүсэмжилсэн зүйлсийг нь тэдэнд өгч, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв.

8 Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өссөн, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв.

9 Тэрээр тэдэнд,—Энэ ард түмэн “Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өг гэж та нар надад зөвлөхсөн бол? гэв.

10 Түүнтэй хамт өссөн залуус түүнд—Чамд хандан “Таны эцэг бидний буулгыг хүнд хүчир болгосон, одоо та үүнийг хөнгөлж өг” гэж шаардаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууцнаас ч бүдүүн юм!

11 Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.

12 Хаан—Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав.

13 Өөрт нь өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэрээр үл хайхарсан тул ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.

14 Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан—Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би та нарын буулга дээр нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.

15 Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН шилон хүн Ахиагаар дамжуулан, Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ тогтоохын тулд эдгээр бүх зүйлсийг эргүүлсэн юм.

16 Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан—Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ?Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа!Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж хандгэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.

17 Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан доор үлджээ.

18 Дараа нь албадлагын хөдөлмөрийн захирагч Адорамыг Рехобоам хаан илгээсэн боловч бүх израильчууд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч шалавхан тэргэндээ суун, Иерусалим уруу зугтлаа.

19 Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.

20 Иеробоамын эргэж ирснийг Израилийн бүх ард түмэн сонсоод, хүн илгээн, түүнийг чуулганд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын бүлийнхнийг зөвхөн Иуда овог л дагав.

21 Ингээд Рехобоам Иерусалимд ирээд Соломоны хүү Рехобоамын хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн гэрийн эсрэг дайтахаар бүх Иудагийн гэрийнхэн болон Бениамин овгийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийг цуглуулав.

22 Гэвч Бурханы хүн Шемаиад Бурханы үг ирж,—

23 Чи Иудагийн хаан болох Соломоны хүү Рехобоам болон Иудагийн бас Бениамины бүх гэрийнхэнд, мөн үлдсэн хүмүүст хандан

24 “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Та нар явж, өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун» хэмээв” гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, буцан ирж, ЭЗЭНий үгийн дагуу өөр өөрсдийн замаар одоцгоолоо.

25 Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив.

26 Иеробоам сэтгэлдээ—Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь.

27 Хэрэв эдгээр хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоам уруугаа буцаж очно гэж бодов.

28 Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ—Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдыг харагтун гэв.

29 Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан, нөгөөг нь Данд тавив.

30 Ард түмэн алтан тугалд мөргөхөөр Даныг хүртэл явж байсан учир энэ нь нүгэл болов.

31 Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд бунхан босгож, Левийн хөвгүүдээс гадна янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгов.

32 Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж өөрийн хийсэн тугалууддаа тахил өргөж байв. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов.

33 Хаан өөрийн сонгож тогтоосон наймдугаар сарын арван тавны өдөр Бетелд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баярыг товлон, тахилын ширээн дээр утлага уугиулахаар явав.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22